ЭМГЭНЭЛ

Admin
2025/01/20

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

(1942-2025)

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр  төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.
Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны есдүгээр сарын 3-наас 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос  Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрбээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
 Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент”  дөрвөн боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть хамтын бүтээлд  нь Монгол Улсын Төрийн шагнал тус тус хүртээсэн юм.
Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар”  I, II, III зэргийн  одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар”  одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч  үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.БАЯСГАЛАН, Н.УЧРАЛ, Б.САНЖСҮРЭН,
Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 1 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  2 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  3 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22