Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд асан Куандык Бишимбаев 2023 оны 11 дүгээр сарын 9-нд эхнэр Салтанат Нукеноваг онц хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Эл хэрэгтэй холбоотойгоор Куандык Бишимбаев болон түүний үеэл дүү Бакытжан Байжанов нарыг цагдан хорьж, энэ хэргийн шүүх хурал 2024 оны 3 дугаар сараас хойш 5 сарын 10 хүртэл үргэлжилсэн юм.
Талийгаач Салтанат Нукеновагийн төрсөн ах Амангельд Айтбек энэ хэргийн талаар сошиэлд анх мэдээлэл цацсанаар Казахстаны хууль, шүүх болон тус улсад болдог гэр бүлийн мянга мянган хүчирхийллийн асуудлууд руу дэлхий нийт анхаарлаа хандуулж, улс орон бүхэнд Салтанатын хэргийг үнэн зөвөөр шийдэх хөдөлгөөнүүд үүсч эхэлсэн юм. Дэлхий нийтээр Куандык Бишимбаевт ямар ял оноох, шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Казахстаны шүүхээс Куандык Бишимбаевт 24 жилийн хорих ял оноосныг танилцууллаа. Харин түүний үеэл Бакытжан Байжановт 4 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэрийг талууд зөвшөөрөхгүй байвал 15 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах эрхтэй юм.