Монгол улсын Хүүхэд, Залуучуудын театр маргааш буюу 2024 оны 4 сарын 25-нд нээлтээ хийнэ. 2019 онд тус театрын барилгын ажил эхэлж 5 жилийн дараа ийнхүү бүрэн ашиглалтад орж байна.
760 хүний багтаамжтай тус театрын үйл ажиллагаа эхэлснээр 110 уран бүтээлч, ажилтан ажлын байртай болж, Монгол улс цаашдаа хүүхэд, залуучуудын соёлын бодлогоо хэрэгжүүлэх томоохон боломж бүрдэж байгаа юм. Тус театрын даргаар МУГЖ Н.Ариунболд буюу олон түмний мэдэх Шинэ үеийн Бооёо ажиллаж байгаа юм.
Театрын барилгын ажлыг Аглут ХХК гүйцэтгэсэн бөгөөд төсөв шийдэх, хууль эрх зүйн орчныг бий болгох, газар чөлөөлөх гэх мэт шийдлийн түвшинд СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар зэрэг улс төрчид идэвх санаачлагатай ажилласан байна.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон. түүхтэй. Тус театрт монголын үе үеийн сор болсон олон арван жүжигчид ажил амьдралын гараагаа эхэлж, өөрийн уран бүтээлийн түүхээ бичиж байсан юм.
Шинээр нээгдэж буй Хүүхэд, Залуучуудын театр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээх юм байна.
П.Сүндэр