Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаан үндэсний хорооны нийт 33 гишүүний 27 нь ирсэн ирцтэйгээр эхэлсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж, 5 ажлын биелэлтийн талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал:
- Монгол Улсын хилийн зурваст газар, тусгай хамгаалалттай газраас Ганцмод хил дамнасан төмөр замын болон шилжүүлэн ачих терминал, ажилчдын амрах байр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд газар ашиглуулах тухай,
- Хилийн Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалын өргөтгөл, зохион байгуулалтыг өөрчлөх тухай гэх зэрэг тус боомттой холбоотой 4 асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа. Харин хилийн Шивээхүрэн боомттой холбоотой хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн хязгаарын байршлыг тогтоох тухай тогтоол гаргалаа. Мөн Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч, Хавирга-Ар хашаат боомтын шинээр баригдах ачаа тээврийн тусдаа гарц барих ажлын талаар Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг хуралдаанд танилцуулсан юм.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо