Уран бүтээл нь ид цэцэглэж, олны танил болж яваа залуу уран бүтээлчид, зохиолч, яруу найрагчид ахмад зохиолч мань мэтэд хандан “Та бүхнээс үг дуулмаар байх юм гэтэл манай ахмадууд бидний тухай ганц ч сайн, муу үг амнаасаа унагахгүй юм” гэх гомдлын үг мэр сэр сонсогддог. Би залуу насандаа өөрсдөө чөмгөө дундартал сууж, үйлээ барж, үсээ зулгаан байж ганц бадаг шүлэг бичиж үзээгүй (чаддаггүй гэвэл илүү оновчтой) хүмүүс урлаг, утга зохиолын төгс төгөлдөр шүүмжлэгчид болно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэж боддог байлаа. Гэтэл миний энэ бодлыг зуун хувь эргүүлж тухайн үеийн утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн дотроос Чойсүрэнгийн Дагвадорж гэдэг агуу яруу найрагч тодрон гарч ирсэн юм.
“Богд нь уулын сүндэл нь хө
Бодитой бодигүй сундаллана даа хө
Бодолдоо бэтгэрдэг та мину хө
Нүдэндээ нулимстай зүүдэллэнэ дээ хө
Цэцээ гүний сүндэл нь хө
Цэнхэрлэн цэнхэрлэн сундаллана даа хө
Цээжиндээ бэтгэрдэг та мину хө
Нүдэндээ нулимстай зүүдэллэнэ дээ…” энэ гайхамшигтай дууг зохиосон Дагвадорж багшийн өмнө би сөхрөн унаж, шүүмжлэгчдийн дунд ийм нарийн мэдрэмж, тэмтрүүлтэй, агуу хүмүүс байдгийг ухаарсан юм. Социализмийн үед шүүмжлэгчид шинээр төрөх үзэл суртал гэдэг хөрс шороо бэлэн байсан учраас янз бүрийн хүмүүс тодордог байжээ. Шинээр төрж ядаж байгаа эхлэн бичигчдийг үзэл суртал хэмээх “ялааны алуураар” дахин өндийхгүй болтол нь нам цохин хөнөөдөг байсан үе бий. Үүнээс гадна хэвлэл утга зохиол хянах газар буюу главлит гэж яам, тамгын газрын хэмжээний эрх мэдэлтэй бас нэг “хадны мангаа” хот, хөдөөгүй байлаа.
Энэ улсын төв главлитын газарт шог хошин зохиолч Жаргалын Барамсай, эдүгээ цагийн утга зохиол судлаач, доктор Ренчингийн Чүлтэмсүрэн нар ид залуудаа ажиллаж байсан учраас үе тэнгийнхээ залуусын ном бүтээлийг тэр бүр улаан харандаагаар зураад байдаггүй байсан, тийм завшаантай цаг үе бидэнд тохиосон юм. Гэвч хүний бичсэн шүлэг, зохиолын утга агуулга, өнгө тоныг бүрэн ойлгох мэдрэмж чадваргүй үзэл суртлын жад сэрээ барьсан “маанаг гайхлууд” тэр хүмүүсийн дунд мэр сэр байсан юм.
Ямар сайндаа “Бурханы өмнө мандаасан том мөнгөн цөгцтэй зулын гол бадамлаж утаа зуусан унины эрсэнд гэрэл нь гялалзана” гэснийг уншчихаад “Чи ядаж наад зулаа лаа болгож зас, Зөвлөлтийн эртний сүмүүдэд эдүгээ хүртэл лаа асаадгийг мэддэггүй юмуу" гэж муйхардаж, инээд хүргэдэг хүн ч байв. Харин эдүгээ цаг дор эгэл бор амьдрал үзээгүй, монгол ахуй, монгол сэтгэхүй, монгол хэл заншил, ёс суртахуун төдийлөн сайн мэдэхгүй гадна, дотны онол, изм, орчуулгын ном хуулж, түүгээрээ зэрэг цол горилсон төрөлхийн авьяасгүй, тодорхой бүтээлгүй "одой эрдэмтэд" өөрсдийгөө утга зохиолын судлаач, шүүмжлэгч хэмээн цоллоод оюутнуудын толгой эргүүлж яваа нь цөөнгүй харагдана.
“Биеэрээ л үлгэрлэж, үзүүлж чадахгүй бол тэр хүн биеийн тамирын багш биш” гэж эртний сурган хүмүүжүүлэгчдийн нэг сүрхий үнэн үг байдгийг санууштай мэт. Өнчин дошны мөндөл шиг өрөвдмөөр нэг жаахан банди өөрийгөө судлаач, шүүмжлэгч гээд ойлгочихжээ. Амьдрал үзээгүй тэр хэлбэр хөөцөлдсөн бяцхан “Беленский” ядаж өнчин дошны мөндөл гэж ямар хөөрхийлөлтэй амьтан байдгийг ч мэдэхгүй. Эцэг, эхийг нь анчид хөнөөгөөд тэрхүү жижигхэн амьтныг голоод дараа жил томрохоор нь авна гээд ганцааранг нь үлдээхийг хэлсэн үг. Өвлөөс өрсөн хөлдөж үхэхгүйн тулд тарга хүч авч, ичхээсээ өмнө өвс ноохой цуглуулах ажил гардаг. Гэтэл хөөрхий мөндөлд мэдэх, чадах юм байдаггүй. Үүний адилаар зарим залуу шүүмжлэгчид юм бичмээр, судалмаар, алдар нэр олж, олны танил болмоор байдаг. Гэвч эгэл бор амьдрал мэдэхгүй, хөөрхий шүүмжлэгчид өөрөөс нь илүү зохих хэмжээний мэдлэг, туршлагатай зохиолч, яруу найрагчдад илүүчлэн хэлж өгөх үг ховорхон байдаг. Сурах бичиг, гарын авлагад буй улиг болсон жижүүрийн үг өгүүлбэрүүдийг эдүгээ цагийн эрхэмсэг, дэгжин оюутнууд гуай тоож сонсох сонирхол буурсан энэ үед тэрхүү ядарсан судлаач, шүүмжлэгчдийг онол, теором ч аварч чадахгүй болжээ.
Агуу их Явуухулангийн “Би хаана төрөө вэ” алдарт шүлгийг анх хэвлэгдэхэд “Чи төрсөн газраа мэддэггүй юм уу, энэ зохиолч, яруу найрагчид гэж үсээ ургуулсан ажилтай, ажилгүй юмнууд архи гударсаар байгаад тархи толгой нь эргээд төрсөн газраа ч мэдэхгүй болчихжээ" гэж дооглон “Явуухулан, чи Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн шүү дээ” гэж тохуурхаж, шогчилсон тухай яриа байдаг. Ер нь Дорнодын Д.Нямсүрэн, Б.Лхагвсүрэн нарын дөнгөж цухалзан гарч ирж байсан залуучуудыг дэмжих нь байтугай ирээдүйд хоолыг минь булаах дайсан гарч ирэх вий гэж болгоомжилсон мэт тэднээс айдаг зохиолчид ч нэгэн хоёрын зэрэг байсан гэхэд хилсдүүлэг болохгүй. М.Цэдэндорж, Р.Чойном тэр байтугай их Явуухуланг ч болж өгвөл нүх рүү түлхэж, замаасаа зайлуулчих санаатай хүмүүс зохиолчдын хороонд ч байсан юм билээ. Түдэв гуай Цэдэндоржийг дэмжиж хэд хэдэн удаа сонин, хэвлэлийн ажилд томилсон ч түүнийг байнга дагаж, улыг нь шагайж матдаг цалинтай, цалингүй мэдээлэгчид амар заяаг нь үзүүлдэггүй байжээ.
Намайг хөдөөнөөс хотод орж ирдэг тэр жил НАХЯ-ны Архивын эрхлэгч, нутгийн ах хурандаа, зохиолч Г.Дүйнхэржав нэг удаа яамныхаа архивт дагуулан орж хэд хэдэн хүний нэр бүхий цөөнгүй дело хавтас харуулж “Танай зохиолчдыг мэдээлдэг хүмүүсийн хавтас” тэр байна. “Танай зохиолчдын дотроос манайд матаас бичдэг мэдээлэгчдийн хавтас энэ байна. Чамайг чинь архи дарсанд дуртай болсон гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ. Шүлэг зохиол оролддог бага залуу хүн чи архи дарс уусан үедээ олны дунд амаа хамхиж явахгүй бол яруу найрагч Чойном, Очирхуяг хоёрын хойноос явж мэднэ шүү. Би чамд энэ хавтас дотор юу байгааг үзүүлэхгүй. Гэхдээ зах зухаас нь сонирхуулъя гэж хэлээд нэг цаасны тасархай гаргаж: …Тэр, хоёр хүнтэй хамт архи, пиво уугаад халамцаж согтсон үедээ Төв хорооны нэг том дарга нууц амрагтаа зориулж надаар шүлэг бичүүлсэн гэж бичсэн байна" хэмээн уншиж өгч билээ.
Тээр жил бараг дөч, тавин жилийн өмнө Шадивлангийн аман дахь Монголын Зохиолчдын хорооны зусланд Явуухулан гуай нэг дан банзан байшин бариулжээ. Гэтэл түүний улыг шагайдаг нөгөө том зохиолч 05, 03-ийн банз төдөн ширхэг, том жижиг урт богино хадаас төдөн килограмм, палк, брус, гөлмөн төмөр хэд, хэчнээн орсныг нь жагсаагаад Ардын хянан шалгах хороонд өгч шалгуулаад арайтай л шоронд хийчхэлгүй өнгөрсөн гэдэг. Миний найз “Гал од” тэргүүтэй яруу найргийн ном
“Гишгиж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон, төрөлх миний өлгий
Элгэн садан, түмний алтан дэлхий” дууны шүлгийг бичсэн “хар" хэмээх Гантөмөр хааяа ууж бухимдсан үедээ “намайг байтугай Нацагдоржийгоо гомдоож үхүүлсэн заяагүй ард түмэн” гэж агсамнадаг байсан сан. Манай зохиолчдын хорооны дарга нар С.Удвал, Л.Түдэв, Д.Цэдэв нарын Монголын их утга зохиолын хөгжлийн төлөө санаа сэтгэл, амь амьдралаа зориулсан олон сайн хүмүүс байсан боловч уг байгууллагын дэргэд Намын үүрийн товчоо хэмээх Зохиолчдын хорооноос ч илүү эрх мэдэлтэй, юм бүхэнд хөмсөг зангидан ханддаг үзэл суртлын өндөр босготой газар байсан учраас намын гишүүн бус Д.Нямсүрэн бид мэтийн хөдөөний хэдэн залуу зохиолчид Горькийн Утга зохиолын дээд сургуульд байтугай дэд курст ч явж чадаагүй дарагдаад өнгөрсөн билээ. Шилдэг сайн зохиолч болно, архи дарс амсахгүй, трамбайд дайруулж үхэхгүй, Зөвлөлтийн хүнийг гомдоохгүй гэсэн инээдмийн ам өчиг, баталгаа авч байж “хойшоо” явуулах эсэхийг шийддэг газар нь Төв хороо байжээ. Та нараас өмнө сургуульд явсан Дарьсүрэнгийн Нацагдорж архи уугаад, Дашдооров хүн зодсон бол Бавуугийн Лхагвасүрэн тэрс үзэл гаргаж, хориотой сэдвээр эсэргүү жүжиг бичээд хөөгдөж ирсэн гэж ам таглана. Сургууль, курст явах хүмүүс Намын үүрийн товчоо, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнийг давж, Төв хорооны үзэл суртлын хэлтэс эцсийн шийдийг гаргадаг тийм шат дамжлагатай байв. Гэвч тэр үед ганц ч мөр шүлэг бичиж үзээгүй дарга, сайд нарын хүүхдүүд аравдугаар ангиасаа шууд арын хаалгаар явж байсан тохиолдол цөөнгүй байсан юм билээ. Одоо тэр хүүхдүүдийн зарим нь сураг ч үгүй, зураг ч үгүй, цаасан дээр нэр үгүй, цасан дээр мөр үгүй алга болцгоожээ.
Цаг үе бүхэн өөр өөрийн эерэг, сөрөг ааш араншин, асуудал, өнгө үзэмжтэй байх юм. Дээр үед манай зохиолчдын дунд дууны шүлэг бичдэг хүн бол яруу найрагч биш. Яагаад гэвэл дуу гурван жигүүртэй байдаг учраас аялгууг нь аваад хаячих юм бол шалдан шүлгийг хэн тоох юм бэ. Дуучин дуулж олон түмэнд хүргээгүй бол гурав, дөрөвхөн бадаг шүлэг хэчнээн сайн байлаа ч Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” шиг газар авч чадахгүй гэхэд нөгөөх нэг нь: Олныг араасаа дагуулсан сайн роман бичиж чадаагүй хүн бол зохиолч биш. Романыг тархиных нь задаргаа гүйцсэн жинхэнэ зохиолч бичдэг төрөл гэсэн нэгэн албан бус яриа гарснаас хойш Б.Ренчин, Ж.Лодой, Д.Намдаг, Б.Нямаа, Ч.Лодойдамба, Наваансүрэн, Л.Түдэв, Ж.Пүрэв, С.Дашдооров, С.Эрдэнэ нарын олон шилдэг бүтээлийн араас Лха.Дарьсүрэнгийн “Маш нууц”, О.Цэндсүрэнгийн “Халуун салхи”, Ш.Шажинбатын “Элс цас”, Ж.Бямбаагийн цуврал романууд шил шилээ даран хэвлэгдсэн. Энэ үед утга зохиолын зарим шүүмжлэгчдээс “Романы зуд боллоо” гэж ад шоо үзэх маягийн үг цухалзаж байсан бөгөөд тэр үед манай зохиолчид зуу хүрэхгүй шахам романтай байсан гэдэг. Гэтэл өнөөдөр гадуур арав хорь, тэр байтугай дөч тавин роман бичсэн зохиолч захаас аван байна. Тавин роман бичсэн Дамбын Төрбатыг өнөөдөр магтана уу гэхээс хэн ч буруутгаж шүүмжлэхгүй байгаа нь бүтээлийн чанар, чансаа олон түмэн уншигчдад өгсөн үр өгөөж, хаялага наалдацтай нь холбоотой гэж би боддог. Тавин роман бичнэ гэдэг бол авьяасаас гадна хөдөлмөр, “хүний гараар бүтээгээгүй хөшөө дурсгалаа босгосон” бахархал юм.
Түүнээс гадна сайны хажуугаар саар гэгчээр ямар ч гоо сайхан, ёс суртахуунгүй баахан адал явдлын цуглуулга, айдас хүйдэс, хүн алж, хүүр ухсан жишээний заваан юм биччихээд жинхэнэ гэгээ гэрэлтэй, хүүхэд залууст хэрэгтэй сонгодог бүтээл туурвидаг зохиолчдын нэрийг хөөдөн, өөрийгөө зохиолч хэмээн өргөмжлөн явдаг “халдвартай ханиад шиг” юмнуудаас эрхэм уншигчид маань хол явахтун гэж захимаар байна. Аливаа зохиол бүтээл бол: Гоо сайхныг нэгд тавих ёстой нөгөөтэйгүүр ёс суртахууны өндөр түвшинд бүтээгдсэн байх. Дараа нь боловсруулалт зохиомж нь төгс төгөлдөр байх. Түүнээс гадна урд өмнөх болоод өөрийн зохиолуудаас ялгарахуйц ямар нэгэн шинэлэг нээлт хийсэн байх. Мөн нийгмийн сэтгэлзүйг судсыг нь барьсан мэт байнга мэдэрч бичих. Эцэст нь хэлэхэд хүн чанараар зохиол бүтээлээ гоёж чимсэн байх гэх мэт цааш цаашаагаа бичээд байвал олон юм хэлж болно. Зохиол бичих нь байтугай захиа бичиж чадахгүй, кино найруулах нь байтугай спирт найруулж ч үзээгүй хүмүүс кино хийж, тайз дэлгэц “бузарлаж” яваа тухай жүжигчин Чоймболын Болд телевизээр нэг бус удаа бухимдан ярьж байхыг харсан. Мөн Пагмадулам, Нацагдорж хоёрын тухай үзсэн хүний бухимдал төрж, даралт ихэсмээр ямар ч гоо сайхан, хүндэтгэл үгүй заваан кино хийсэн тухай яруу найрагч, зохиолч Р.Эмүжин уйлах нь халаг нулимстай пост утсан дээрээ бичсэнийг үзсэн. Хошин шогийнхон болохоороо бөөр бөгс, хөнжил гудаснаас өөр юм мэддэггүй, амнаасаа унагах үг, хөдөлгөөн бүрээрээ ямар ч авьяас боловсролгүй, уншсан юм үгүй гэдгээ батладаг бол драмын жүжиг, кино бичдэг нөхөд нь болохоороо гадны кино хуулбарлан уй гуниг, үхэл хагацал, зодоон нүдээн, хүчирхийлэл сурталчилж үзэгчдийг садар самуун руу доош татдаг, оюуны хоосролд орсон хүмүүс олшрох янзтай. Хүнд үзүүлэх нь байтугай нэрлэх бүтээлгүй тодорхой эрдэм авьяасгүй, “гавьяагүй” гавьяат, “уран сайханчид” аль нэгэн нам, сонгуулийн ивээл дор ар өврийн хаалгаар төрсөөр байна. Гэтэл цаана нь олон түмэн аль эрт хүлээн зөвшөөрсөн, ард түмний гавьяатууд энгэр цоололгүй явж байгаа нь үзэгчид, уншигчдийг бухимдуулан олон түмний урмыг хугалж байнам бус уу.
Хэн ч сонсдоггүй, аялгуу эгшиггүй дуу зохиодог, хэн ч тоож уншдаггүй гоо сайхны ямар ч үнэр үгүй, янз бүрийн эрээвэр хураавар юм эрээчдэг эхлэн бичигчдийг журамлах цаг болжээ. Ийм амьтадтай нэг зиндаанд нэрээ дуудуулж яваадаа заримдаа сэтгэл гутаж, гавьяатын цолоо болдогсон бол буцааж өгмөөр бодогдовч намайг ингэлээ гээд тэд ямар цол хэргэмээсээ татгалзах биш дээ гэж санахаас бухимдах шиг болдог юм. Гэвч хүнийг хувцсаар, номыг хавтсаар нь үнэлдэг цаг аль эрт өнгөрсөн гэж бодохоос цаг бүртгүүлж, цалин авдаггүй ч өөрийгөө өөд татан, романтик зангаараа үзэг цаас үрэлдүүлж л байх юм.
Тэтгэврийн хүн, тэжээлийн мал хоёрыг хүмүүс тоохгүй болсон ч би өөрийгөө хөгширсөн гэж ер боддоггүй. Өвдөж үхнэ үү гэхээс өлсөж үхэхгүй Монгол оронд төрсөндөө баярлаж өчүүхэн авьяасаа чамлалгүй өргөн түмэндээ зориулсаар сууна. Муу зохиолч согтож, сайн зохиолч солиорч үхдэг гэсэн Европ чигээс гарсан аль эртний нэгэн завхуул үг байдаг. Насныхаа эцэст архи ууж, үзгээ орхисноос цаас цоохорлож яваад солиорч үхсэн ч яах вэ гэж бодогдох өдөр байх юмаа. Үхэх гэж яарсандаа биш, сайн зохиолч болох гэсэн санаа минь тэр.
Миний бие С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Ж.Лхагва, Д.Мягмар нарын олон багштай хүн. Муу юм бичиж тэднийхээ нэрийг хөөдчих вий гэхдээ би өөрийнхөө оюуныг ширээж, ширгээж байнга хичээдэг. Монгол минь Монголоороо байгаасай гэж залбирдаг учраас жинхэнэ монгол хэлээрээ хольцоогүй монгол зохиол бичдэг Монгол зохиолч байхыг эрхэмлэдэг хүн. Өгүүлбэрийн доторх үг бүрийг байрыг нь зөв олж тавихын тулд очковний дундах 10-ын тоог онох гэж мэрийдэг. Зохиолч хүнд зохиолын санаа, үг хоёр мөнгө төгрөгнөөс илүү үнэтэй байдгийн учраас нягтлан бодогч хүн балансныхаа тоог бүгдийг цээжилдэгтэй нэгэн адил гудамжинд явж байхдаа ч зохиолоо цээжиндээ бичдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ бүхний амьд жишээ нь С.Эрдэнэ багшийн бичсэн “Алтай” хэмээх уран таталбар бол тэр чигээрээ уран зураг, симфони хөгжим юм. Алтайн уулыг үзсэн байтугай үзээгүй хүний нүд сэтгэлд гэрэлтэн, өнгө будгаараа ялгаран, салхи нь сэвэлзэж, үүл нь нүүж, ус нь урсаж харагдахаар дэндүү уран тод гүйцэтгэлтэй, гайхалтай бүтээл юм. "…Ховд голын хөндийд намуухан шар салхи сэмхэн хэсүүчилж байхад тэртээ өндрийн хадан цохионд хар салхи, Цамбагаравын хяр оройгоор дун цагаа салхи салхилж байх шиг санагдана" гэж бичсэн байх жишээтэй. Би ийм агуу уран чадвартай, ухаалаг гэгээн багш нарынхаа нүүрийг улайлгахгүйн тулд үзэг цаас хоёртой харьцахдаа аль болохоор болгоомжтой хандаж, өөрийгөө өдөр бүр шавдуулан ташуурдаж бие халаалт байнга хийдэг хүн. Мөнгө төгрөг, нэр төр, ширээ сандлын төлөө явъя гэвэл хүн түүнийхээ мөрийг л хөөх ёстой. Заавал урлаг, утга зохиол руу орж, "чадахгүй байж" хүний дургүй хүргэх хэрэггүй. Хоёргүй сэтгэлтэй жинхэнэ уран бүтээлч хүн бол бүх насаараа өөрийгөө золиослож, хамаг юмаа, ар гэр, үр хүүхдээ мартан алдан байж бүтээл хийдэг байтал энэ зовлонг мэдэхгүй зарим нэг авьяасгүй, мохоо хүмүүс биеэ зовоолгүйгээр, гар хурууныхаа үзүүрээр том уран бүтээл хийж, алдарших гэж оролдох юм. Энэ бүхний ард хэн хохирдог вэ гэвэл үзэгч, уншигч, сонсогч олон түмэн төдийгүй улс үндэстний үүх түүх, урлаг соёл хохирдог учраас л миний бие ингэж гоншигноод, дахин дахин үглээд байгаа юм. …Оросын зах хязгаар нутгийн хүн амьтангүй шахам нэг зэлүүд тосгонд мартагдсан ганц бие зөнөг эмгэн: -Хараал идсэн Марсель! Ер мартагдахгүй юм аа. Би тэнд ямар сайхан амьдарч байж вэ. Хүмүүс, офицерууд намайг булаацалдан буудалцдаг байлаа шүү дээ гэж нэг зохиолд гардаг. Энэ бүхнийг үгүйлж байгаа эмгэний гаднах дүр төрх, царай зүсийг харагдтал, дуу алдмаар ямар сайхан бичээ вэ. Жинхэнэ уран зохиол гэж ийм л юмыг хэлдэг ажаамуу.
Энэ жил 96 жилийн түүхтэй Монголын Зохиолчдын эвлэлийн мэндэлсэн өдөр их зохиолч Д.Нацагдоржийнхоо хөшөөнд цэцэг ч тавьсангүй. Тэнд надаас өөр ганц ч хүн ирсэнгүй. Догмид, Цоодол мэтийн ахмад зохиолчид нь бэртэгчин зан гаргаад дуугарсангүй өнгөрлөө. Дотроо бодож санаж явдаг үгээ хэлж чадахгүй үхвэл хохь чинь шүү гэж Ай.Төмөр-Очир надад утсаар хуурай агсам тавив. Төмөр-Очироос айна ч гэж юу байх вэ, гэхдээ хэн нэгэнд санаж сэрэхэд нь хэрэг болж юун магад гэж энэ мэт эрээвэр хураавар цоохор тэмдэглэлийг тэрлэв.
Нутгийн маань дүү, яруу найрагч Гүрбазар маань эмнэлэгт биеэ үзүүлэхээр гадагш явлаа. Яадаг бол гэж санаа зовнин суутал “Шөнийн бороо”-г дуулдаг дуучин Гомбын Зоригийн төрсөн эцэг нь манай улсын нэрт яруу найрагч, онц бүрэн эрхт элчин сайд, Сүхийн Доржпалам гэдгийг Зоригийн эхнэрээс дуулаад яагаад ч юм бэ сэтгэл бяцхан уужрав. Уран бүтээлч хүн гэдэг ийм л сонин сэтгэхүйтэй, хүүхэд шиг өрөвдмөөр гэнэн амьтан байдаг ажээ. Архи ууж айл хэсэж явахад аль янз бүрийн юм сонсохыг хэлж барах вэ дээ. Тээр жил нэг өдөр намайг гэрт нь очиход Эрдэнэ багш зохиолч Жамсрангийн Лодой бас нэг сэхээтэн байрын том биетэй, бүдүүн буриад эр гурвуулаа архи дарс уусан бололтой халамцуухан ярилцаж суулаа. Би залуу байсан болохоороо тэдэнтэй зиндаархаж нэг ширээнд хамт суусангүй. Зайдуухан аяга кофе ууж байтал тэр гурвын хэн нэг нь: -Нацагдорж архи уугаад согтуугаараа хашаа түшиж үхсэн гэдэг шал худлаа! Түүнийг нөгөө хэн ...... зодож байхыг гудамжны гэрэлд харсан хуучин циркийн манаач бүдүүн Дамдинсүрэн гэдэг хүн очиж салгасан байдаг юм. Тэгээд маргааш өглөө нь Нацагдоржийг тэр газраа нас барчихсан байхыг үзээд цагдаад мэдэгджээ. Цагдаа нар ирж газар дээр нь үзлэг шалгалт хийж мөнөөх манаачаас байцаалт аваад талийгаачийг хятадын морин тэргээр авч явжээ. Тэр үед улсын наадам долоо хоног үргэлжилдэг байсан учраас хамаг хүмүүс зусланд гарч, Нисэх, Яармаг руу явцгаагаад хот бараг эзгүйрсэн үе байсан тул тэр хэрэг нэг их дуулиан шуугиан бололгүй тэгсхийгээд нэгэн сэтгүүлд эмгэнэл нь гараад намжжээ. Урин дулаан цаг байсан учраас талийгаачийг яаруу, сандруу оршуулаад л хамаг ажил дууссан бололтой хэмээн ярилцахыг миний бие анх удаагаа сонсож билээ. Халамцуу хүмүүсийн яриа андуу, ташаа байж болох ч тэр хүмүүс нь ихийг үзэж сонссон, хуучны хуудуугүй улс байсан тул би үүнийг бараг үнэмшжээ.
Нацагдорж хэзээ ч хэтрүүлэн уудаг, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн хүн байгаагүй. Герман соёлтой, цэвэр цэмцгэр нэгэн байсныг олон хүмүүс дуртгалдаа тэмдэглэсэн байдаг. Утга зохиол судлаач, эрдэмтэн зохиолч Д.Цэдэвийн ярьсан болон бичсэнээр бол Нацагдоржийг оршуулахад Да Содном, Ардын жүжигчин Ичинхорлоо, зохиолч Намдаг нарын арав гаруй хүмүүс явсан гэх боловч сүүл сүүлдээ бүдгэрсээр бүгд оршуулганд оролцоогүй болж таарсан. Хорин хэдэн настай байсан Сүхбаатар жанжны хүү, хурандаа Галсан, Пагмадулам тэргүүтэй цөөн хүмүүс явсан нь батлагдсан ажээ. Нацагдоржийг зоддог тэр хүнийг манаач Дамдинсүрэн эртнээс сайн таних бөгөөд боксын зэрэг цолтой, уралдаан тэмцээнд оролцдог, ааш зан муутай хулигаан хүн байсан гэдэг. Нацагдоржийн гэрт очиж “Чи Нацагдоржийн юунд нь болоод суусан юм бэ, тэр надаас юугаараа илүү юм бэ” гэж авгайд нь агсам тавьж, гэр орныг нь түйвээдэг үл бүтэх олиггүй нэгэн байжээ.
“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Нацагдоржийн маань 100-гаад жилийн тэртээ хэлсэн энэ үг энгийн хэл найруулгатай, жирийн өгүүлбэр мэт санагдавч, монгол хүний есөн хүслийн дээд, доод хоёр туйлыг ихэсгэл, багасгалын аргаар холбож, хүний ой тойнд ортол хэлсэн гайхамшигтай гүн ухааны яруу найраг байсан юмсанж.
...Яаж би Нацагдорж шиг холын одтой ярилцаж
Янаг амрагийн явдлыг асууж захидал илгээх вэ
Яаж би Тангуд, Европийн таван хэлтэй Пагмадуламын шанзны эгшгийг
Тамхи, яньлууны үнэр сэнгэсэн Есийн гудамж, хятад Си-янзны туурьнаас олж сонсох вэ
Яаж би Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” шиг уран таталбар, утгын сүмбэн бүтээж
Ялгуун саарал морин дээрээ хас цагаан шүдийг яралзуулан инээмсэглэх Сан бэйсийн сайхан бүсгүйг зурах вэ
Яаж би... хөх торгон дээлээ гурван зуны наадамд өмсөж
Хөөрхөн чинийхээ сэтгэлийн гэгээнд хөгширтлөө шүлэг бичих вэ
Яаж би...
2025.01.25 14 цаг дор
АУЗ БАЛЖИРЫН ДОГМИД