2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын Голомт сургуулийн Эко клубын ахлах ангийн сурагчдад экологийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Хог хаягдлын менежмент”, “Дотоод орчны агаарын бохирдол” сэдвийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, хуванцар болон цаасны хаягдлыг зөв зохистой ашиглах, дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл өглөө.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн үнэт зүйлс, хамгаалалтын ач холбогдлыг танилцуулж, сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулан, амжилттай оролцсон 10 сурагчийг шалгаруулж, номын бэлэг гардууллаа.
Байгаль хамгаалах үйлсэд мэдлэгтэй, хариуцлагатай ирээдүйг бэлтгэх нь экологийн боловсролоос эхэлнэ.
