BIGBANG хамтлагийн экс гишүүн Seungri-гийн нэр дахин хэрэгт холбогдлоо. Түүнийг энэ оны наймдугаар сарын 8-нд Seoul хотын нэгэн ресторанд эрэгтэй хүнтэй маргалдаж, согтууруулах ундааны шилээр сүрдүүлэн, биед нь халдсан гэх гомдол гаргаж байсан харин энэ тухайд хамгийн сүүлийн үеийн мэдээнүүд цацагдаж байгаа юм. Тэгвэл түүний өмгөөлөгч Yoon Jae Bin хэлснээр: SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” гэжээ.
Seungri тухайн үед хоёр танилынхаа хамт хооллож байхад танихгүй эрэгтэй тэдний ширээнд нэгдэхийг хүсжээ. Тэд хэд хэдэн удаа татгалзсан ч нөгөө хүн бизнесийн санал ярихыг хүсэж, зөвшөөрөлгүйгээр сул суудалд суусан гэж Seungri-гийн тал мэдэгджээ. Улмаар түүнийг явахыг дахин дахин хүсэхэд маргаан өрнөж, Seungri ширээн дээр байсан soju-ны шилийг атгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ өмгөөлөгч нь түүнийг шилээр цохисон, эсвэл цохихоор далайсан гэх мэдээллийг няцаажээ.
Хоёр талын тайлбар зөрж байна
Seungri-гийн талын тайлбараар бол маргааны дараа хоёр тал салж явахдаа эвтэй байсан бөгөөд дараа нь мессежээр харилцсан гэнэ. Харин хэд хоногийн дараа нөгөө эрэгтэй цагдаад гомдол гаргасан гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.
Мөн гомдол гаргасны дараа нөгөө тал эвлэрэх санал тавьсан гэх мэдээллийг Seungri-гийн өмгөөлөгч дурджээ. Гэвч үйлдээгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, хэргийг тохиролцоогоор дуусгах боломжгүй гэж үзсэн тул мөрдөн шалгах байгууллагад холбогдох материалаа гаргаж өгөхөөр болсон байна.
Харин гомдол гаргасан эрэгтэй Seungri болон түүнтэй хамт байсан хүмүүс өөрт нь халдаж, сүрдүүлж, ресторанаас гарах боломжгүй болгосон гэж мэдүүлжээ. Цагдаагийн байгууллага Seungri-г байцаалтад дуудахаар төлөвлөж байгаа аж.
Одоогоор хоёр талын тайлбар зөрүүтэй байгаа бөгөөд Seungri-г буруутай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа тогтооно.
Seungri 2019 онд Burning Sun-тай холбоотой дуулианы дараа BIGBANG хамтлагийг орхиж, энтертайнмент салбараас зодог тайлж байгаагаа зарласан юм. Тэрээр биеэ үнэлэлт зохион байгуулсан, хууль бус мөрийтэй тоглоом тоглосон зэрэг есөн зүйл ангиар яллагдаж, нэг жил зургаан сарын хорих ял эдэлсний дараа 2023 оны хоёрдугаар сард суллагдсан.
Харин энэ удаагийн хэрэгт түүний эсрэг гаргасан гомдол одоогоор шалгагдаж байгаа бөгөөд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байна.
