2026 оны аравдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн 188 удаагийн түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн гал түймэр гарсан газар нутгийг байршлаар нь авч үзвэл, Зүүн бүсийн гурван аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт, Сүхбаатар аймагт 46, Хэнтий аймагт 31 түймрийн тохиолдол бүртгэгджээ.
Ой, хээрийн түймрийн аюулаас гурван айл өрхийн найман иргэний амь насыг авран хамгаалж, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 11,278 га, хээрийн 1,896,666 га, нийт 1,907,944 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учиржээ.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 2216 алба хаагч, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, 2 нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.