Төв аймгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан анагаахыг ухааныг хөгжүүлэх зорилгоор 2026 оны улсын төсөвт 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон бусад холбогдох албаны хүмүүс Төв аймагт ажилллаж, Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний кабинетыг шинэчилж, 33 нэр төрлийн 256,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардууллаа. Энэхүү кабинет сэргэснээр Улаанбаатар хотыг зорьдог 3000-4000 гаруй иргэд аймаг, орон нутагтаа нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломж бүрдэж байна.
Мөн эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр Баянцагаан, Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн стандартад нийцсэн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон Land Cruiser 78 маркийн автомашиныг гардуулан өгчээ.
