Малчид, мал бүхий иргэд та бүхэн өвчтэй болон сэжигтэй ямааг сүргээс нэн даруй тусгаарлаж, харьяа мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ үү.
1. Голомтыг хязгаарлах
▪️ Өвчтэй, сэжигтэй ямааг бусад малтай хавьталд оруулахгүй, тусгаарлан байлгана.
▪️ Голомтоос мал гаргах, шинээр мал оруулах, худалдах, шилжүүлэх хөдөлгөөнийг зогсооно.
▪️ Өвчтэй малтай харьцсан хүн, ашигласан багаж хэрэгсэл, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг малын эмчид өгнө.
▪️ Өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдөнө.
2. Сэг зэм, биологийн хаягдлыг аюулгүй устгах
▪️ Үхсэн болон устгалд хамруулах малын тоо, нас, хүйс, байршлын мэдээллийг бүртгэж, малын эмчид хүргүүлнэ.
▪️ Хүүр, сэг зэмийг задгай орхих, бэлчээр, усны эх үүсвэрт хаяхыг хориглоно.
▪️ Малын устгал, сэг зэмийг булшлах ажлыг эрх бүхий байгууллагын шийдвэр, холбогдох журам, малын эмчийн зааврын дагуу гүйцэтгэнэ.
▪️ Устгалын дараа тухайн талбай, ашигласан багаж хэрэгсэл, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэнэ.
3. Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх
▪️ Халдваргүйтгэл хийхийн өмнө хашаа, байрны бууц, баас, тэжээлийн үлдэгдэл болон бусад бохирдлыг бүрэн цэвэрлэнэ.
▪️ Хашаа, байр, тэжээлийн онгоц, усалгааны хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулна.
▪️ Зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисыг малын эмчийн зөвлөмжийн дагуу сонгож, үйлдвэрлэгчийн заасан найруулга, хэрэглэх арга, үйлчлэх хугацааг баримтална.
АНХААРУУЛГА: Бууц, баас болон бусад органик бохирдол нь халдваргүйтгэлийн бодисын үйлчлэлийг бууруулдаг тул эхлээд цэвэрлэж, дараа нь халдваргүйтгэнэ. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мал эмнэлгийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөнө үү.