Өөрийнхөө дотор байдаг Монголыг сэрээе...

Admin
2025/11/19

Лхагва-Очирыг анх Physical Asia-гийн дэлгэцнээ гарч ирэхэд бараг л үлгэрийн Элса энд юу хийж яваа юм гэсэн, гэтэл яав? Хүний биеийн хамгийн төгс бүтэц, түүнийг бий болгохын тулд зориулсан он жилүүд, тэвчээр, хүч чадал, зөв тактик, тууштай зорилготой байдлыг энэ залуу хамгийн яруу тодоор харуулж чадлаа. Бас дээр нь олон газар, олон тайзнаа Монголоо төлөөлж, Монголоороо омогшиж, Монголоор дутаж, цөмөрч, өмөлзөж явдаг сэтгэлийн тэр их эрчим хүч, дутуу атлаа дүүрэн монгол хүнийг бид харлаа. Циркгүй Монголын дэлхийг дурлуулсан циркчин залуу...Төрийн далбаанаасаа адис аваад эргэх агшин ямар том өгүүлэмж байв аа? Жижигхээн гэж бассан Монгол чинь жингийн илүүг, даалгаврын хүндийг, давааны бартааг сэтгэлийн хүч, эв нэгдлийн далайц, ухааны ур, тэвчээрийн хязгаараар давлаа, анзаарсан бол Солонгосын багийн бүсгүй, залуу хоёрын харцанд гэмшил нуугдаж байсан, тогтож хараарай. Тэр харц их олныг хүүрнэнэ. 

Энх-Оргил бол тулааны мангас юм байна аа, дайраад гаръя, тулаад давъя, туулаад үхье л гээд байх юм. Түүний дайчин шинж чанар багийн бусад гишүүдээ эрсдэлд дуудаж, эрсдэл давах хүч өгөх юм. Тэр туулаад үхье гэж зүтгэдэг алдаа, оноогоо би түүнээс харжээ суулаа. Бас хөөрхөн хошин, тэгснээ зөрүүд, нүүрний хувирал, биеийн хэлэмж бол хамгийн сонирхолтой, хайр татмаар дүр. Энх-Оргилоос бүр хэдэн зууныг гаталсан хэнхдэг нүцгэн, цээж дүүрэн монгол эрчүүд минь нэвт харагдана. Яадаг юм, дэлхийн талыг дэлдэж туулсан, тэгэхдээ тийм зэвүүн, тийм гэдгэр, тэгснээ цуцашгүй байсан нь үнэн л юм чинь. Омог нь оволзохоороо бүүр хөөрхөн. За тэр харц уу, баргийн эрийг нугалж, баргийн хүүхэн эргэж харна дөөө. 

Хандсүрэнг үнэхээр хайрлаж үзлээ, энэ гоо охин, ийм нандин үр гэмтчих вий, гар хуруу нь эвдэрчих вий, ямар гэгээн, яасан бадрангуй юм бээ гэсэн бодол ер салсангүй. Бидний аахилаад амьтан болоод ойчоод өгөх газар Хандсүрэн хамгийн хөөрхнөөрөө зогсож л байх юм, гүйж л байх юм, зүтгэж л байх юм. Хөлс нь дусалж байхдаа хүртэл тийм хөөрхөн охин тэнгэр байх юм уу? Энэ хүнд хүчир тулаан дунд ч гэсэн нар мандах ёстой, тэр нь Хандсүрэн байлаа, амжилт, охин минь. 

Өө манай Адъяасүрэн бол ёстой нөгөө өнөөгийн амьдрал, хайр, үр хүүхэд, ач зээгээ үүрсэн монгол эмэгтэйчүүдийн супер дүр төрх, мөн чанар. Дөчийн бидонтой хоёр ус мотоцикл дээрээ дамнуулж хүлчихээд, усанд явсан хэрнээ худаг дээр сайхан адуу, сайн нөхдөө харж хөөрөөд согтоод ойччихсон нөхрөө урдуураа тэгнээд, ардаа хүүхдээ сундлаад харьдаг бүсгүйчүүд хөдөө нутагт зөндөө таарна. Юу ч байсан туулна, юухан ч байсан шийднэ, яадаг ч байсан амьдарна, ядарсан ч байсан зүтгэнэ гээд л үзчихнэ шүү дээ. Тэгээд яг гэрт нь яваад орохоор зүүн авдар дээрээ нүүрний тос, уруулын будаг тавьчихсан, униндаа сам, үсний гоёл хавчуулчихсан, авдраа уудалж дээлээ өмсөөд л дагина гүнж цаашаа. Үр хүүхдээ хараад өмөлзсөн зүрх, үүрсэн ачаагаа бодохоор өндийсөн зүрх, бүсгүй хүн гэдгээ бодохоор бүжиглэсэн зүрх...Адъяасүрэнгийн энэ дотоод гоо сайхан гоё лдоо...бидний л амьдрал яваад байгаа юм. 

Дөлгөөн яг л орчин цагийн залуусын төв төлөөлөл. Ах нарын шийдвэрийг дагана, эгч нарын дутууг гүйцээнэ, өөрийн даалгаврыг өр зүрхнээсээ хичээж гүйцэтгэнэ, аливаад хандах нь нээлттэй, алаан дундуур багийн уур амьсгалыг гоё нөхнө, хоёр хүн ойлголцох янзгүй бол хоёрхон үгээр сайхан ивээс хийгээд эвлүүлнэ, эсвэл инээмсэглээд л боллоо, тэр инээмсэглэл өөрөө цаг үеийн шидтэй, цаг үе нь өөрөө Дөлгөөн юм. Өө Орхонбаяр бол байгаагаараа бөөн бөөн хайр. Тэр хэнэггүй төрхний цаана асар том стратеги нуугдаж, тэр инээсэн бор нүдээр бүгдийг харж, тэр гүжир хэрнээ алхам бүрээ тооцсон хөдөлгөөнөөр бүх багаа хошуучилж чадсан...тэгээд бас сийрэг гэж сэлэм эргүүлэх төдийд сэтгэнэ. Асуултын хариултыг ангайтал өгнө, даалгаврын гүйцэтгэлийг хүрлийтэл биелүүлнэ, тооцоо алдана гэж байхгүй. Ямар ч хүнд нөхцлийг янзтай уран бөгөөд хоржоонтой эргүүлнэ. 

Хүүхдэрхэг хэрнээ хүрлэгэр эр хүн...хүүхэд шинж нь цайзын хаалга хаах үед яг гарсан лдаа, манай монгол эрчүүдийн олонхийнх нь дотор олон олон Орхонбаяр бий. Тэд дотроо байгаа Орхонбаярыгаа сэрээх хэрэгтэй санагдсан шүү. За тэгээд, ирэх хавраас эхлээд Монголыг зорьсон жуулчдын тоо эрс нэмэгдэх нь ээ, эрчүүд наад гэдэс гүзээгээ, хүүхнүүд наад харц, хэл амаа хичээе дээ. Энэ тэмцээн бидэнд их сургамж үлдээлээ. Гэр бүлийн орлогоо хүүхдүүдээ хөгжүүлэхэд, боловсруулахад зориул дааа. 

Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжийн өдөр бүр хүүгээ сургуулилтанд нь утаатай гудамжаар зөөсөн тэвчээрт, бэлтгэлийн заал муутай Монголоос дэлхийд үндэсний бөхийн арслан гэж ямар байдгийг харуулсан бөх хүүгийнхээ ард олон олон жил зогсож чадсан ар гэрийнхэнд нь, уурхайдаа хулгайтай Монголын эгэл уурхайчин залуугийн хатууг сөрөх чадварт...ерөөс бүгдэд талархая. Бид тэртэй тэргүй бүгдийг авч, бүгдийг хангаж дийлэхгүй, арван хуруундаа спортын карьер, оюуны боловсролын үнэтэй хэдэн саяын алт зүүгээд, мөрөндөө хэдэн зуун мянгын магнаг торго өмсөж, харж хазаж болох бүхэндээ брэнд үүрээд, ард нь хүүхдээ сургана гэж байхгүй, тэгэхээр юу гээч...олон олон Орхонбаяр, Адъяасүрэн, Лхагва-Очир, Дөлгөөн, Хандсүрэн, Энх-Оргил нарыг төрүүлэхийн төлөө ухаантай байцгаая, угаасаа тэдний цаг үе эхэлж байна, тэдний дотор гал байдгийг би ч харлаа, бид бүгд харлаа, тэдэндээ цучил нь болъё. Би хувьдаа, өөрийнхөө дотор байдаг Хандсүрэн, Адъяасүрэн хоёрыг өнөө өглөө угз татан сэрээлээ. Зургууланг нь сэрээчихвэл зулзаган чинээ цээж минь дэлбэрэх гээд байна ааа. Эл бахархал, омогшил дагуулсан залуус Монголын маань энэ аймаар хүнд, алалцмаар хэцүү нийгмээс төрснийг дэлхий мэдвэл тэднийг бүр бурхан мэт шүтнэ, энэ л гашуун бөгөөд гайхмаар, өнөөгийн бидний үүрч яваа өнчин үнэн!

Р.ЭМҮЖИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13